Энэ цаг үеийн дэлхийн хамгийн онцгой, хамгийн амжилттай хоёр эмэгтэй манлайлаллын түүх, туршлага, үнэт зөвлөгөөгөө өөрсдийн үгээр уншигчдад хүргэсэн энэхүү бүтээл нь уншсан хэнд ч болов урам зориг өгөх, амьдралд ойр ном болжээ.
Жулиа Гиллард бол Австралийн цор ганц эмэгтэй Ерөнхий Сайд байсан бөгөөд түүний алдарт "mysogyny speech" дэлхий даяар түгсэн эмэгтэйчүүдийн тэгш эрхийн талаарх хамгийн алдартай илтгэлийн нэг билээ.
Нгози Оконжо-Ивеала нь одоо Дэлхийн Худалдааны байгууллага (World Trade Organization)-ы захирлаар ажилладаг.
Нгози Оконжо-Ивеала, Жулиа Гиллард нар удирдагч, манлайлагчдад хандах нийгмийн хандлагад жендэр хэрхэн нөлөөлдөг талаар, дэлхийн улс төр, эдийн засаг, олон улсын хүмүүнлэгийн салбарт хуримтлуулсан арвин их туршлагадаа үндэслэсэн өөрсдийн гэсэн хүчтэй бөгөөд тогтсон үзэл санаатай зохиогчид юм.
“Эмэгтэйчүүд ба манлайлал” хэмээх энэхүү ном эмэгтэй удирдагчдын замнал дахь өвөрмөц онцлог ялгааг гүнзгий судалж, цогцоор нь авч үзсэн бүтээл юм.
Эрдэмтэн судлаачид жил бүр л эмэгтэй манлайлагчдыг эрэгтэй удирдагчидтай харьцуулсан судалгаа хийдэг. Харин эл номын зохиогчид эдгээр академик судалгааг амьдралд бодитоор туршиж үзсэн билээ. Ингэхдээ дэлхийн нөлөө бүхий удирдагч нарт тус бүрд нь адил асуултууд тавин, нүүр тулан ярилцаж, тэдний замнал болон бодит туршлагаар батлагдсан хариултууд нь онолын судалгааны таамаглалтай хэрхэн нийцэж байгааг нарийвчлан шинжилжээ.
“Эмэгтэйчүүд ба манлайлал” ном бол удирдах албан тушаалд хүрэхэд нь эмэгтэйчүүдэд жендэр хэрхэн нөлөөлдөг, тэднийг удирдагчийн хувьд хэрхэн хүлээн авдаг, мөн манлайллын замнал нь хэрхэн эхэлж, хэрхэн төгсдөг талаар сонирхолтой бөгөөд ойлгомжтойгоор өгүүлсэн бүтээл юм. Эмэгтэй удирдагчдаас суралцах боломжтой үнэ цэнтэй сургамжуудыг хуваалцахын зэрэгцээ Жулиа, Нгози нар бидний өмнө итгэл, урам зоригийг минь тэтгэх "газрын зураг"-ийг дэлгэхийн зэрэгцээ жендэрийн өрөөсгөл хандлагатай тэмцэж, хувь заяаныхаа эзэн болох бодит өөрчлөлтийг энэхүү бүтээлээрээ санал болгосон байна.
